
Утаа бол Монгол улс нүүрсээр ч хамаагүй ажилладаг цахилгаан дулааны төвлөрсөн эх үүсвэрүүд барихгүй (бариулахгүй) байгаагаас үүдэн үүссэн асуудал болохоос биш ОХУ-ын цуст хийн хоолойг тавиад шийдэгдчих асуудал биш. Үнэгүй хий өгнө гэж горьдох хэрэггүй, үнэгүй юм гэж байхгүй, заавал худалдаж авна. Ер нь зарах эсэх, худалдаж авлаа гэхэд түгээж чадах эсэх нь ч эргэлзээтэй. Нефттэй байгаад бензин түлш, нүүрстэй байгаад тог цахилгаантай болчихдоггүй юм байна гэдгийг бүгд харж байна. ОХУ-ын хийн хоолой тавьчихвал утаагүй болно гэж бодож байвал дэндүү гэнэн явдал болно. Аль ч тохиолдолд бэлтгэл ажил хангахгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Орон байрны дулаан алдалтыг зогсоох, дулаан дамжуулах дэд бүтцүүдээ барьж байгуулах, эх үүсвэрүүдээ баталгаатай болгож төвлөрсөн эрчим хүч дулаан нийлүүлэх зэрэг түмэн асуудлыг шийдэж байж сая тэдгээр утаа үйлдвэрлэж буй мянга мянган яндангуудыг буулгана.
Монгол улс өөрт байгаа хамгийн найдвартай эх үүсвэрээ ашиглаж эрчим хүч дулаан үйлдвэрлэх асуудлаа шийдэж, бүрэн бие даасан хараат бус ёстой. Нүүрсээ боловсруулж хий болгоно уу, өөрсдөө байгалийн хий олборлож ашиглана уу, ямар ч байсан нүүрсээр л эрчим хүч, дулаан үйлдвэрлэх тал дээр бие даах ёстой. Бидэнд тэр хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил гэсэн хий хоосон хийрхэл огт хэрэггүй. Азаар бидэнд нүүрс байна.
Утаатай биш ЗГ-тай тэмцэх хэрэгтэй.
Утааны эсрэг биш ЗГ-ын эсрэг тэмцэх хэрэгтэй. Ажлаа хий биш Ажлаа өг, шийдээд өг биш шийдэж чадахгүй бна огцор гэж шаардах хэрэгтэй. Утааг шийднэ гэж хэдэн арван их наядыг зарцуулсан ЗГ-т сонсгол биш шүүх хурал хэрэгтэй, ОХУ-ын хийн хоолой тавих шахалтаар утаанаас сална гэдэг гэнэн тэнэг бодлоо хаях хэрэгтэй.
Нийслэл хотын агаарын бохирдлыг ганцхан жилийн дотор шийдэх бүрэн боломжтой. Маш олон гарц шийдэл бий. Үүнийг хийхгүй байгаа ЗГ огцрох ёстой.